Ерөнхий танилцуулга
Дорноговь аймгийн Сайншанд сум нь 1931 оны 05 дугаар сарын 26-нд аймгийн анхдугаар их хурлыг 23 сумаас сонгогдсон 40 төлөөлөгчтэйгээр Сайн ус гэдэг газар хуралдуулж, аймаг төвлөрөх газрыг Далай Сайншанд хэмээн тогтсон байна. Үүнээс өмнө аймгийн төвийг Олдох, Олон шанд, Шинэ ус, Хадан хошуу, Сайн ус хэмээх газруудад төвлөрүүлж байсан байна. Засаг захиргааны хуваарилалтаар Сайншанд нь 1931 оноос 1954 онд хороо, 1956 оноос аймгийн төвд гурван хорин, төмөр замд хоёр хоринтойгоор зохион байгуулагдаж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Сайншанд хот болгон баталсан байна. Сайншанд сумын нутгаар олон улсын төмөр зам, Улаанбаатар - Замын-үүдийн хатуу хучилттай авто зам дамжин өнгөрдөг, төвийн эрчим хүчний сүлжээнд болон шилэн кабелийн гол шугамд холбогдсон, харилцаа холбоо, дэд бүтэц хөгжсөн төвлөрсөн хот юм. Сайншанд суманд 500 гаруй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг, Дорноговь аймгийн төвийн хот, хамгийн том сум юм. Дорноговь аймгийн нийт хүн амын 35.4 хувийг Сайншанд сумын хүн ам эзэлдэг. Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаасаа 1-т, нутгийн хэмжээгээр 13-т ордог, хүн амын нягтралаар Замын үүд сумын дараа ордог. /9.19 хүн/га/
Газар зүйн байршил
Дорноговь аймгийн Сайншанд сум нь өөрийн аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ сумдтай хиллэдэг бөгөөд сумын төв нь Улаанбаатар хотоос 463 км зайд, олон улсын зам харилцааны нээлттэй боомт Замын-Үүд сумаас 245 км зайтай байрладаг. Сайншандаар Бээжин - Улаанбаатар-Москвагийн чиглэлийн төмөр зам болон Мянганы хатуу хучилттай авто замын босоо тэнхлэг дайрч өнгөрдөг. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 5 багтай, 21,109 хүн амтай, Сайншандаас 48 км-ийн алсад түүний 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгон оршдог.
Газар зүйн онцлог
Сайншанд сумын нутаг нь далайн түвшнээс дээш дунджаар 938 метрт оршдог. Цав толгод нь алсуур намсаж ухаа гүвээрхэг тал газар үүсгэдэг ба хотгор гүдгэрүүд нь хуурай сайруудаар хэрчигдсэн байдаг. Сайншандын уудам нутаг нь бэсрэг уулс болон олон тооны хонхор хотосоор огтлогдсон ухаа толгод тэгш тал газар юм. Ухаа толгодууд нь эргэн тойрныхоо хонхор, хотосоос 200-300 метрээс хэтрэхгүй харьцангуй өндөрт байрладаг. Физик газар зүйн хувьд Өмнөд говийн хэсэгт ордог. Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь говь тал хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Брэнд бүтээгдэхүүн

Улс, бүсийн үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид амжилттай оролцож байна. Сайншанд сумын “Хамарын хийд-энергийн төв” аялал жуулчлал, , “Дорнын говь” ХХК-ний “Үлэмжийн чанар”, “Говь”, “Данзанравжаа” цагаан архи, “Гэрэлт шанд” ХХК-ний “Хөмүүлтэй хиам”, “Хөх тэнгэрийн цахиур” ХХК-ний “Суварга” торт “загсгалтай цай” нэрийн бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна.


Байгаль цаг уурын нөхцөл

Цаг уурын нөхцөл

Сайншанд сум нь уур амьсгалын хуурай, нэн хуурай мужид багтдаг.

Тус суманд ихэвчлэн баруунаасаа 9-11м/с салхилдаг, зарим үед 35м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурäàã. Хүчтэй салхитай өдрийн тоо Сайншанд сум орчимд 31 хоног үргэлжилдэг. Шороон шуурганы үргэлжлэх хугацаа 15 минутаас 6 цаг хүртэл байдаг.

• 1 дүгээр сарын дундаж температур -1,0-1,5ос

• 7 дугаар сарын дундаж температур +22-27

• Жилийн салхины дундаж 10-15 м/сек

• Жилийн хур тунадасны нийлбэр 193,3 мм


Эдийн засаг
Сайншанд сум нь 2012 онд 13 төрлийн төлбөр, хураамжийн татварын нийт орлого 379.0 сая төгрөг бүрдүүлж 640.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Орон нутгийн төсвийн урсгал орлого /сая.төг/ Төсвийн нийт орлого 1099,1 сая төгрөг болж зарлага санхүүжилт 1074,4 сая төгрөгт хүрсэн. Нийт зарлага санхүүжилтийн 58,6 хувь нь цалин, 35,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6,3 хувь нь урсгал шилжүүлэг буюу зардал болно.
Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын таван сургуулийн 152 бүлэгт 4804 хүүхэд сурч, 231 багш ажиллаж, багшлах боловсон хүчин 100 хувь хангагдсан. Бага боловсролын хамран сургалт 104,4 хувь, суурь боловсролын хамран сургалт 104,3 хувьд хүрсэн. Дотуур байранд нийт 165 хүүхэд амьдардаг болно. Сайншанд сумын харьяаны есөн цэцэрлэгийн нийт 50 бүлэгт 1534 хүүхэд сурч хүмүүжиж байна. 2013-2014 оны хичээлийн жилд 1 дүгээр багт 150 хүүхдийн цэцэрлэг, 2 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 83,6 хувьд хүрсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 856, Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 168, ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургуульд 1035 оюутан, сурагч суралцаж байна.
Мал сүрэг

Сумын хэмжээгээр 2012 онд 68141 мал тоологдсоноос ямаа 32884, хонь 26112, үхэр 2284, адуу 4559, тэмээ 2302 байгаа бөгөөд нутгийн шилмэл омгийн 12514 толгой мал тоологдсон нь нийт малын 18,4 хувь болж байна.

186 малчин өрх, 152 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 5,4 хувийг эзэлж байна.


Газар тариалан

Сайншанд сумын хэмжээнд 32 иргэн, 1 аж ахуй нэгж газар тариалан эрхэлдэг. 25.1 га-д тариалалт хийснээс 11.6 га-гаас 58,6 тн төмс, 9,8 га-гаас 63,2 тн хүнсний ногоо, 3,69 га-гаас 9,1 тн тэжээлийн ургамал, нийт 130,9 тн ургац хураан авсан. 1

Зам тээвэр

Сумын газар нутаг дээгүүр босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд ОХУ, БНХАУ–ыг холбосон олон улсын төмөр замын зангилаа байрладаг.  

1, 2, 3, 4 дүгээр баг нь сумынхаа төвтэй засмал замаар, 5 дугаар баг нь төвөөсөө 45 км-ийн зайд төмөр зам болон шороон замаар холбогддог.  


Цахилгаан хангамж
Сайншанд сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан эрчим хүчний борлуулалт, түгээлтийн ажлыг Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний Дорноговь аймаг дахь салбар хариуцдаг бөгөөд 2012 онд 42.3 сая.кв/цаг цахилгаан эрчим хүчний борлуулалт хийсэн байна.
Ус хангамж
Үйлдвэрлэлийн болон унд, ахуйн цэвэр усыг аймгийн төвөөс 27 км-ын зайнаас 3 гүний насос станц, 3 өргөх насос дамжсаны эцэст хэрэглэгчдэд хүрдэг. Цэвэр ус дамжуулах 4 станц, зөөврийн 6 усан сантай, цагт 58 м3 ус шахах хүчин чадалтай усны нөөцийн сантай, нийт 52.4 км урт шугам хоолойтой, үүнээс цэвэр усны шугам 39.5 км-ын урттай, 100-200 мм диаметртэй. Гэр хорооллын оршин суугчдын хэрэгцээний усыг 16 ус түгээх байраар хангадаг ба 16 ус түгээх байрны 10 төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, 6 нь аймгийн төвд байрлах гүний худгаас машинаар зөөвөрлөж хангадаг. Хоногт өвлийн улиралд нийтдээ 1300 м3, зуны улиралд 1400 м3 ус буюу сард дунджаар 31200 м3 усыг хэрэглэгчдэд түгээж байна. Үүнээс зөвхөн төвлөрсөн сүлжээнд холбогдсон ус түгээх байруудаар сард дунджаар 1000 м3 ус буюу зөөврийн ус түгээх байруудаар сард дунджаар 350 м3 усыг хэрэглэгчдэд түгээж байна.
Ариутгах татуурга
Сайншанд сумын бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугам сүлжээ нь1975 онд ашиглалтанд орсон. Бохир усны 12,9 км-ын урт 100-400 мм ширмэн ба вааран хийцийн шугам хоолойтой. Үүнээс гол шугам болох 8 км шугам нь Ф200-400 мм-ийн голчтой, салбар шугам нь 4.9 км шугам нь Ф80-200 мм-ийн голчтой. Сайншанд сумын цэвэрлэх байгууламж нь анх ОХУ –ын хөрөнгө оруулалтаар сараалж, тунгаагч, аэротенк, насосны станц зэрэг тоног төхөөрөмж, халаалтын зуухны барилга, бохир ус цэвэрлэгээний лаборатори бүхий цогц байгууламж хэлбэрээр 1991 онд ашиглалтанд орсон юм. Тухайн үед горимын дагуу ажиллуулж байсан боловч 1998 оноос эхлэн тоног төхөөрөмж болон байгууламжууд нь эвдрэл гэмтэл гарч ялангуяа тунгаагч, аэротенкийн хана цооролт үүсэн ажиллагаа доголдож саатсаар 2001 оноос бүрэн ашиглах боломжгүй болсон. Цэвэрлэх байгууламж ажиллагаа зогссоноос хойш 2008 оныг хүртэлхи хугацаанд бохир усыг ямар ч цэвэрлэлтгүй суваг шуудуу татан сумын төвөөс зайдуу байгальд шууд урсган хаяж байсан. Одоо байгаа нь цэвэрлэх байгууламж нь 13 картын системтэй. Ус нь тунгаагдах ёстой боловч хөрсний шингээлт муугаас цэвэршилгүй байгальд хаягддаг. Европын Сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийг дахин байгуулахаар судалж байна.
Дулаан хангамж
Сайншанд сум нь дулаан хангамжийн хувьд төвлөрсөн сүлжээнд холбогдсон. Дулаан дамжуулах 14 км төв шугам 3.2 км, 10.8 км салбар шугам, ариутгах татуургын нийт 15 км шугамтай, үүнээс 4.3 км нь төв, 10.7 км салбар шугам байна. Чандмань илч орон нутгийн өмчтэй ХХК нь жилд дунджаар 362.4 мян/м3 ус үйлдвэрлэж, албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийг ундны цэвэр ус, дулаанаар хангаж, 57.9 орчим калл дулаан үйлдвэрлэж, 200 гаруй аж ахуй нэгж, 1600 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна. Тус компани нь жилд 2.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд үүний 80 хувийг төсөвт байгууллагууд эзэлдэг.
Хүн ам, өрхийн тоо
Тус сум нь 2012 оны жилийн эцсийн өрх, хүн амын тооллогын дүнгээр 6251 өрхийн 21109 хүн амтай ба түүний 29. 0 хувь нь 0-15 насны хүүхэд, 65.4 хувь нь 16-59 насны хүмүүс (хөдөлмөрийн нас), 5.7 хувь нь ахмадууд эзэлж байгаа ба нийт хүн амын 51.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд 1880 гаруй айл өрх амьдарч байгаа бөгөөд 4399 амины орон сууц, гэр байна. Сайншанд суманд 2012 онд 283 айл, шинээр баригдсан орон сууцанд орсон байна.
Сургууль

Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. 

960 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 998 суралцагчтай 

71 багш, ажиллагсадтай. 

2012 онд ашиглалтанд орсон.


Цэцэрлэг

Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэг нь 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. 

150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 273 хүүхэд хүмүүжиж байна. 

25 багш, ажилтантай.

2010.10.01-ны өдөр ашиглалтанд орсон, 

2278 м2 талбайтай, тоосгон, төвлөрсөн системд холбогдсон барилгын чанар сайн, гадна тоглоомын талбай тохижуулах шаардлагатай  

Одоогийн байдлаар цэцэрлэгийн барилгад хана, таазны цууралт, дээврээс ус гоождог мөн түүнээс үүссэн таазны гэмтлүүд, сантехникийн холбоос, цахилгааны холболт, цонхны чанар муу. 


Эрүүл мэнд ерөнхий
Эрүүл мэнд Эрүүл мэндийн салбарын хувьд Сайншанд сумын харьяанд өрхийн эмнэлэг болон сум дундын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны төв үйл ажиллагаагаа явуулж, нийт 48 албан хаагч ажиллаж байна. Үүний дотор17 их эмч, 28 эмнэлгийн дунд мэргэжилтэн, 1 бага эмч, эм зүйч 1, бариач 1 ажиллаж байна. 2012 оны байдлаар 11877 үзлэг хийснээс 55,2 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг байна. 1213 түргэн тусламжийн дуудлага гарснаас 398 нь алсын дуудлага, 567 өвчтөн хэвтэн эмчлүүлж 3303 ор хоног ашигласан.
Эмнэлэг

Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай. 

Тус эмнэлэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл сумдын ард иргэдэд эрүүл мэндийн үйл ажиллагааг хүргэн ажилладаг. Их эмч, 5 сувилагч, 2 асрагч, 3 туслах ажилтан, 8 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Сум дундын эмнэлэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал 150 ортойгоор үйл ажиллагаа явуулах боломжтой. 

Тус эмнэлгээр жилдээ 295-300 орчим иргэд хэвтэн эмчлүүлдэг. Өдөрт амб 20-30 гаруй иргэн үзлэгт хамрагддаг байна. 

1985 онд ашиглалтанд орсон. 4680 м2, тоосгон, эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж эхэлсэн. 2004 онд анх улсын төсвийн хөрөнгөөр зөвхөн дотор болон гадна талын их засварт орсон. 

2008онд 2 давхартаа болон дээврийн засвар хийгдсэн. 

2011 онд 1-р давхарт сантехникийн засварыг анх ашиглалтанд орсноос хойш тус эмнэлгийн барилгад цэвэр бохир усны шугам, сүлжээний шинэчлэл хийгдээгүй бөгөөд нэн тэргүүнд хийх шаардлагатай. 


Соёлын төв

Соёлын төв

5 дугаар багт байрлалтай

450 хүний суудалтай 6 ажиллагчидтай

1987 онд Офицеруудын ордны барилга зориулалтын ашиглалтанд орсон. 914 м2 талбай, ашиглалтанд орсноос хойш засварт ороогүй. 


Спорт заал

Биеийн тамир спортын газар

1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 12 ажилтантай

Биеийн тамирын үйл ажиллагааны зориулалтаар 1982 онд ашиглалтанд орсон

400 хүний суудалтай, цахилгаан, ус, дулааны төвлөрсөн системд холбогдсон, тоосгон, их засвар хийгдээгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн, барилгын чанар муу, шинээр барих эсвэл өргөтгөл хийх шаардлагатай.


Соёл, спорт ерөнхий
Сайншанд сумын 5 дугаар багт байрлах соёлын төв нь 2012 онд 18 удаагийн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулж 2200 хүнийг хамруулсан.
Ажиллах хүч салбараар

Төрийн байгууллагад 1848 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 483 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 23 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 48 хувийг дээд, 22 хувийг бүрэн дунд, 13 хувийг суурь, 17 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна Ядуу өрхийн тоо 2008-2009 онд 11.3 хувиар өсч, 2009-2010 онд 8.4 хувиар буурч, 2010-2011 онд 12.1 хувиар, 2011-2012 онд 12.2 хувиар буурсан байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Сайншанд сум нь Мерси кор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн хэмжээнд анх удаа “ Эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө “-г боловсруулсан анхны сум болсон. 
Монгол улсын болон Дорноговь аймгийн хөгжлийн баримт бичгүүдэд тодорхойлсон зорилго, зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх, сумын хөгжлийн бодлогыг тэдгээрийн үзэл баримтлалд нийцүүлэн уялдуулах шаардлагын үүднээс өөрийн хөгжлийн хэтийн чиглэл, стратеги, эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулсан юм. Сайншанд хотын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг АХБ-ны хөрөнгөөр АНУ-ын Аеком компани хийж байна.
Сайншанд сум нь 234280 га нутаг дэвсгэртэй ба газар нутгийн дөрвөн бүсчлэлтэй: 
1 дүгээр бүсэд дэд бүтэц давуу хөгжсөн сумын төв хэсэг /газрын хэмжээ 599,9 га/ 
2 дугаар бүсэд гэр хороолол, үйлдвэр аж ахуй, амралт зугаалгын хэсэг /газрын хэмжээ 5860 га/ 
3 дугаар бүсийн хэсэг 5-р багийн нутаг дэвсгэр / газрын хэмжээ 7324 га/ 
4 дүгээр бүсэд бэлчээрийн хэсэг /газрын хэмжээ 220496 га/ тус тус орж байна. 
2012 оны жилийн эцсийн байдлаар гэр бүлийн хэрэгцээ болон худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, албан контор, аж ахуйн хашаа, авто граж, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар нийт 1997 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 210,94 га газар эзэмшиж, ашиглаж байна. 
Мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 1693 айл өрх 96,8 га газрыг эзэмшиж, 6517 иргэн 1236,74 га газрыг өмчилсөн байна. Хотын суурьшлын бүсийн барилгажсан нийт нутаг дэвсгэрийн хүн амын нягтрал 76.1 хүн/га байна. Сайншанд хотын барилгажсан нутаг дэвсгэрийн нягтрал нормоос ихээхэн доогуур байгаа тул цаашид газар ашиглалтыг сайжруулж, хотын барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх боломжтой байна.
Засаг даргын тамгын газар

Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.

Сумын Засаг даргын тамгын газар нь нийт 31 ажилтан, албан хаагчидтай. Багийн ажлын алба нь нийт 16 албан хаагч, 32 хэсгийн ахлагчтай. Сайншанд хотын Захирагчийн ажлын алба нь 5 албан хаагчтай. 

1970 онд хоршооны зориулалтаар баригдсан 1 давхар, 2002 онд өргөтгөн 2 давхар болгон 1-р давхарт нь сумын Засаг даргын тамгын газар, 2-р давхарт нь аймгийн Татварын хэлтэс байрладаг. 

2010 онд барилгын гадна, дотор урсгал болон сантехникийн засвар хийгдсэн. Төрийн албан хаагчдын өрөөний талбайн хэмжээ тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул цаашид өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай. 


Сумын хөгжлийн зорилт
Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, төрийн үйлчилгээг ил тод, шудрага, шуурхай хүргэж иргэн төрийн итгэлцлийг дээшлүүлэн хамтын ардчилсан зарчмаар хотоо хурдтай хөгжүүлэх зорилго тавьж байна. 
Сайншанд сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл: 
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан болон хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх 
Орон нутгийн нөөц, баялаг боломжид тулгуурласан олборлох болон боловсруулах үйлдвэр байгуулах 
Говь нутгийн болон сумын онцлог, давуу талд түшиглэсэн аялал жуулчлалыг өргөжүүлэх 
Үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйг тэргүүлэх чиглэл болгож эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх 
Аж ахуй эрхлэх эрүүл орчинг бий болгох 
Хүнийг хөгжүүлэх, нийгмийн аюулгүй орчныг бүрдүүлж, сурч боловсрох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах 
Байгаль, орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нөөц баялгийг зохистой ашиглах тогтолцоог сайжруулж, байгаль орчинд ээлтэй хот болох
Сумын онцлог
Монгол улсын Засгийн газраас Сайншанд сумыг хүнд аж үйлдвэрийн цогцолбор төв болгон хөгжүүлэх, өмнөд бүсийн төмөр замын гол зангилаа, агаарын болон хуурай замын ачаа тээврийн зангилаа, зуучлалын төв болгох бодлого баримталж байгаа нь цаашид хүн ам ихээр төвлөрч ач холбогдолтой бүс нутаг болох юм. Одоо байгаа ашигт малтмалын нөөц, дэд бүтэц, газар зүйн байрлалын давуу тал нь аж үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтой улс орны хувьд стратегийн чухал бүс нутгийн төвд байрлалтай “ ХӨГЖЛИЙН АЛТАН БАЙРШИЛ” – тай сум юм. Сайншанд сум нь хотын эрхзүйтэй болох хууль, эрх зүйн орчин болон нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хотжилт, хүний амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдал, хот бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшингээрээ шаардлагыг хангаж байна.
Сумын хөшөө, дурсгал

Нэр: Дашийн Данзанваанчигийн хөшөө 

Байгуулагдсан он: 2011 Энэ нь миномётын мэргэн бууч, 1945 оны чөлөөлөх дайны баатар тус аймгийн уугуул Дашийн Данзанваанчигийн мохошгүй баатарлаг үйлсийг мөнхлөн дээдэлж босгосон хөшөө юм.

2012 онд баригдсан.


Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн  төв

Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай

Нийт 17 ажилчидтай, 5 цагийн багштай, нийт 5 мэргэжлийн чиглэлээр 167 оюутан суралцаж байна. 

Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна