Арвайхээр
Ерөнхий танилцуулга
1707 онд Сайн ноён хан Жамбын хоёрдугаар хөвгүүн Цэрэндашид зэрэг хэргэм, албат хамжлага, газар нутгаа эзэмшүүлэн өгч тусгай хошуу байгуулжээ. Тэр нь 1924 он хүртэл тогтсон үйзэн гүний хошуу юм. Бэлчээр ус тэгш Онги голын сав газраар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин булаг, Зэргэмжийн газраар нэлээд хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьсанаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигджээ.
Арвайхээр хотын 10 багт нийт 8284 өрхөд 28722 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас нэгдүгээрт, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог .
Газар зүйн байршил
Өвөрхангай аймгийн төв хэсэгт:
Улаанбаатар хотоос 430 км,
Аймгийн төвд байрладаг сум юм.
Өвөрхангай аймгийн Тарагт сумтай хиллэдэг.
Газар зүйн онцлог
Арвайхээр сум нь Азийн төв хэсэг, Монгол Улсын төвийн бүс, Өвөрхангай аймгийн төв бөгөөд хойд өргөргийн 46016I зүүн уртрагийн 103047I -д Хангай нурууны зүүн өмнөд салбарын уулархаг ойт тайгын өврөөс эх авсан Онгийн голын сав, дов толгод бүхий талархаг хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт оршдог. Тус сум нь нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайтай, хатуу хучилттай замаар холбогдсон, Монголын төв цэг Өвөр хөшөөтөөс 130 км, Монголын эртний нийслэл Хархорин хотоос 135 км, Байгалийн үзэсгэлэнт Хүйсийн 8 нуураас 90 км, Улаан цутгалангаас 170 км зайд оршдог учир аялал жуулчлалын салбар илүү хөгжсөн, нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Брэнд бүтээгдэхүүн
Өнгөлгөөний тоосго
Арвайн дэвшил ХХК-ий үйлдвэрлэсэн өнгөлгөөний тоосго нь шатаалт сайтай, хэрэглээний чанараараа 2011 оны аймгийн түншлэлээр барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг сор бүтээгдэхүүн болсон.
Байгаль цаг уурын нөхцөл
Эх газрын эрс, тэс хуурайвтар уур амьсгалтай, тал хээрийн шинж бүхий нутаг юм.
1 дүгээр сарын дундаж температур -20 С
7 дугаар сарын дундаж температур +20 С
жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
жилийн хур тундасны нийлбэр 100-200 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 17303 га.
Эдийн засаг
Орон нутгийн төсөв
Сумын төсвийн татварын нийт орлого нь 225.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2507 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 74.3 сая төгрөг байна.
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2500.5 сая төгрөг байна. Нийт зардлын 24.6 хувь нь цалин, 2.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 37.2 хувийг урсгал шилжүүлэг, 35.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 543 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 23.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 864.9 сая, аймагт 3.1 тэр бум, орон нутагт 225.2 сая нийт 4.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Арвайхээр сумын сор бүтээгдэхүүнээр “Арвайн дэвшил” ХХК-ний Улаан тоосго, В.Гомбын “ Шар лууван”, “Дэлгэрэх хүнс” ХК-ний “Цагаан еэвэн”, Г.Агваанбалжирын “Шахмал түлш” зэрэг бүтээгдэхүүнүүд шалгарсан.
Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын 6 сургуулийн 226 бүлэгт 7556 сурагч суралцаж байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 110 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 375 багш хамрагдсан байна.
Төрийн өмчийн 8 цэцэрлэгт 1650, гэр цэцэрлэгт 70 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,3 хувьд хүрсэн.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
Мал сүрэг
Мал, сүргийн бүтэц
Сумын хэмжээгээр нийт 124098 толгой мал тоологдсоноос адуу 5571, хонь 56300, тэмээ 108, ямаа 58633, үхэр 3446, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3685 толгой мал тоологдсон нь нийт малын 3 хувь болж байна.
1041 малчин өрх, 543 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 19.6 хувийг эзэлж байна.
Газар тариалан
Сумын хэмжээгээр жилд 72 га талбайд төмс, 37 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 980.5 тонн төмс, 555 тонн хүнсний ногоо, 12 тонн тэжээлийн ургамал хураан авч байна. Аймгийн хэмжээний хэрэгцээт төмс, хүнсний ногооны 27 хувийг үйлдвэрлэдэг.
Зам тээвэр
Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудын хот хоорондын төв авто зам дайран өнгөрдөг. Сумын төвдөө 14000 у/метр хатуу хучилттай авто зам ашиглагдаж байна. Жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1-ээс 2 км зам шинээр тавьж байна.
Цахилгаан хангамж
Сум нь Эрдэнэт Булганы Цахилгаан дамжуулах станцтай холбогдсон. Сумын төв дээр 110/35/10 квт-ын дамжуулах станцтай.
Ус хангамж
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 10 худаг, 1000 м3 багтаамжтай 1 усан сан, төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 1200 өрх, 140 аж ахуйн нэгж холбогдож хэрэгцээний усаа авч байна.
Ариутгах татуурга
Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж байгаа нь хоногт 2700 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усны 180 худаг, 7.7 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 1200 өрх, 140 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Аж ахуй нэгжийн харьяа 21 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна.
Дулаан хангамж
Тус хотод 39 байгууллагын харъаны уурын зуух ажиллаж байгаагаас 6 том оврын усан халаалтын зуухтай, төвлөрсөн дулаан хангамж байхгүй.
Хүн ам, өрхийн тоо
Сумын хүн амын 85.5 хувь нь залуу болон дунд насныхан, 5.1 хувь нь хүүхэд, 9.4 хувь нь ахмад настнууд байна.
Шилжилт хөдөлгөөн
Тус сум нь Улаанбаатар хоттой 430 км хатуу хучилттай замаар холбогддог, нийт хүн амын 90 хувь нь сумын төвд амьдардаг. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургууль байрладаг харьцангуй хотожсон сум юм. Мөн баруун бүсийн аймгууд авто зам дамжин өнгөрдөг. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд инженерийн бүрэн дэд бүтэц бүхий 556 айлын 11 орон сууц ашиглагдаж байна. 2013 онд 180 айлын 7 орон сууц ашиглалтанд орно. Мөн 5-р багийн нутаг дэвгэрт залуусын “Од” 38 айлын хувийн орон сууцны хорооллын барилгын ажил эхэлнэ.
Сургууль
Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор
5 дугаар багийн нутагт байршилтай
250 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 500 хүүхэд хүмүүжиж байна
38 багш, ажиллагчидтай
2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
Цэцэрлэг
Цэцэрлэг
2011 онд ашиглалтанд орсон
150 хүүхдийн хүчин чадалтай
Эрүүл мэнд ерөнхий
Суманд 220 ортой Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, 4 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 110 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Тус суманд 4 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 2012 онд 1744 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 4172, халдварт өвчлөлийн 437 тохиолдол гарсан байна.
Эмнэлэг
Суманд 220 ортой Бүсийн оношлогоо эмчилгээний төв, 4 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 110 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 608 байна. Үүнээс 374 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь ангилвал дээд 73, тусгай дунд 18, бүрэн дунд 400, бүрэн бус дунд 51, бага 53, боловсролгүй 13 байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд улсын төсвийн санхүүжилтээр боловсруулсан.
Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 43.45 га-аар нэмэгдсэн.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
орон сууц, олон нийтийн бүс 80.12 га
үйлдвэрлэлийн бүс 30.37 га
ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 21.5 га
хөдөө аж ахуйн бүс 5519.69 га
Тариалангийн газар 28.12 га
2012 оны байдлаар 5900 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 348.13 га газар өмчилж, 23 иргэн, 4 төрийн байгууллага, 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 28.12 га газар эзэмшиж байна.
Барилга
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Засаг даргын тамгын газар
ЗДТГ-ын барилга
Согоотын 1-р багийн нутагт байршилтай
98 ажиллагчидтай
1993 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, барилга трестийн ажилчдын сувилалын зориулалттай анх баригдсан.
Инженерийн төвлөрсөн хангамжтай.
Суманд хэрэгжиж буй төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл
Сум хөгжүүлэх сангийн төсөл
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зорилтот бүлгийн төсөл
Малжуулах төсөл
Тогтвортой амьжиргаа төсөл - II төсөл
Сумын хөгжлийн зорилт
Тус сум нь “Иргэдийн оюулаг сэтгэлгээ, төрийн оновчтой бодлогод тулгуурлан хүний хөгжлийг дэмжсэн, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний давуу талдаа түшиглэсэн байгаль орчны тэнцвэртэй хот болно” хэмээн зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Төрийн үйлчилгээний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачилга, идэвхи оролцоог сайжруулах зорилтын хүрээнд,
Сургалтын чанар, материаллаг баазыг бэхжүүлж, багшийг чадваржуулан оюулаг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж, орчны стандартыг хангах цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх
Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн боловсролын чанарыг дээшлүүлэх
Төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулан төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх
Төр, иргэний нийгэм, аж ахуйн байгууллагын түгшлэлийг сайжруулан орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
Дэд бүтцийн хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд,
Төрийн үйлчилгээний орчин сайжруулж, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх
Иргэдийн гадаад, дотоодод зорчих нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглах
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд,
Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх
Орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, байгалийг зүй зохистой байдалд сэргээн, гадаад, дотоод, аялал жуулчлалын дамжин өнгөрүүлэх бүс бий болгох
Томоохон үйлдвэрийг хөгжүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд,
Нийт малд эзлэх шилмэл малыг 20 хувьд хүргэж цөм сүрэг бүрдүүлэн, гойд ашиг шимт малын тоог 3 дахин нэмэгдүүлж, эрчимжсэн болон фермийн аж ахуйг хөгжүүлэх
Ажлын байрны тоог нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 2020 онд 3 хувиас дээшгүй байлгах, хүн амын орлогыг нэмэгдүүлэн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн эзлэх хувийг 30-иас доошгүй хувиар бууруулах
Орон нутгийн болон бүс нутгийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн нөөцдөө түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх
Сумын онцлог
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг хэтийн бодлогын баримт бичгүүд гарсан.
Барилга, хот байгуулалт тохижилт жил бүр сайжирч, иргэдийн тав тухтай аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж байна.
Жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжиж түр болон суурин ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл, ядуурал багасч байна.
Зуд, ядууралтай холбогдолтойгоор бусад сумдаас шилжин ирэх иргэдийн тоо жил бүр өсч байдаг.
Осол, гэмт хэрэг сүүлийн 2 жил өсөх хандлагатай болсон тул “Цагдаа Олон нийт” гэсэн мэдээлэл сургалтыг олон нийтэд сурталчлах ажлууд хийгдэж байна.
Сумын хөшөө, дурсгал
Г.Занабазарын сэрэг дүр
Өндөр гэгээн Занабазар идэр залуу насандаа Цаст Төвдийг зорьж тэнд 5 дугаар лам Лувсанжамцын удирдлага дор Буддын шашины философи, түүх, урлахуйн ухаанд суралцаж, Их Бага таван ухаанд гүнзгий нэвтэрчээ. Тэр Жавзандарнатын их хувилгаан цолтойгоор Монголдоо ирж Агуу том бүтээлүүдээ туурвин бүтээжээ. Жавзандарнатын хувилгаан гэдэг нь Буддын ёсонд гүнзгий нэвтэрсэн Энэтхэгийн 84 шидэтний 1 нь бөгөөд Энэтхэгт 6, Төвдөд 21 удаа төрж Монголд анх удаа тодорсон нь энэ билээ. Арвайхээрийн 5 дугаар багийн Засаг дарга, Хотын Захирагчийн алба, цэцэрлэгт хүрээлэнгийн байнгын сахиулын хамгаалалтанд байдаг.
Шашин сүм хийд
Төв Ганданпунцоглин хийд
1990 онд хуучин жүд дацан байсан буурин дээр (одоогийн 3 дугаар баг) байгуулж, хуучин хүрээ хийдэд хурж байсан таван том хийдийн 30 гаруй лам нар болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Дагвадорж заларч анх хурал номоо эхлүүлсэн түүхтэй. Хуучин хийдийнхээ уламжлалын дагуу шарын шашны урсгал чиглэл буюу Богд лам Зонхавын номын ёсоор үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэн ажиллаж байна.
Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв
Монгол Солонгосын Политехникийн коллежийн салбар сургууль
1-р багийн нутагт байршилтай
600 суралцагчдийн хүчин чадалтай, одоогоор 7 мэргэжлээр 310 хүүхэд суралцаж байна
1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
Инженерийн бие даасан хангамжтай.
Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерийн газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Уурын зуух, Граж 1 ба 2, Цэвэр усны гүний худаг, Цахилгааны дэд станц, Цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Цогцолборын барилга, байгууламжуудад дээврийн засвар хийх шаардлагатай.
Цэвэрлэх байгууламж
1974 онд баригдаж 1987 онд их засвар хийсэн, 1997 оноос эхлэн бүрэн хүчин чадлаараа ажилласан. Хоногт 2700 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хүчин чадлынхаа 1/5 буюу 500м3 ус цэвэрлэж байна. Механик, байгаль биологийн аргаар цэвэрлэдэг.
Хөгжимт драмын театр
ХДТеатр
Арвайхээрийн 5-р багийн нутагт байршилтай
452 хүний суудалтай
60 ажиллагчидтай
1985 онд ашиглалтанд орсон бетон хийцтэй, зориулалтын барилга.
Инженерийн төвлөрсөн хангамжтай.
2010 онд ашиглалтанд орсон 600 суудалтай. Спорт цогцолборын заалны хананд цууралт үүсч, дээврийн гэгээвчээр дусаал гоожиж үйл ажиллагаа явуулахад хүндэрсэн тул аймгийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, спортын зэрэг төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын сургуулийн 5 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.